Skip links

Татварын тайлангаа хийхэд гаргадаг түгээмэл алдаанууд

Татварын тайлангаа хийхэд гаргадаг түгээмэл алдаанууд
admin

admin

1. Орлого буруулах, зардал өсгөх

Татвар ногдох орлого дутуу,  татвар ногдох орлогоос хасагдах зардлыг илүү тайлагнах алдаа хамгийн түгээмэл гардаг. Санаатай, санамсаргүй эсхүл тооцооллыг алдаатай байдлаас татвар ногдуулах орлогыг дутуу тайлагнах нь ирээдүйд 2-3 дахин илүү татварын эрсдэлийг бий болгодог. /Татвар ногдуулах орлого = Татвар ногдох орлого – Хасагдах зардал /

НИЙТ ТАТВАРЫН ЭРСДЭЛ = НӨХӨН ТАТВАР + ТОРГУУЛЬ + АЛДАНГИ 

2. Татварын өр төлбөр, авлагын эцсийн үлдэгдлийг тулган шалгаагүй

Санхүүгийн байдлын тайлангаарх татварын өр төлбөр, авлагын үлдэгдлийн дүнг  татварын тооцооллоорх үлдэгдлийн дүнтэй тулган шалгаагүйгээс зөрүү үүсдэг.  Цахим татварын системийн /etax.mta.mn/ татварын тооцооллын дүнгээ татварын төрөл тус бүрээр шалгах нь зүйтэй. 

3. Монгол Улсад байрладаг ба Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийг ялгах

Албан татвар төлөгчийг Монгол Улсад байрладаг, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч гэж ангилна. Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн олсон орлогод 20%-р татвар ногддог тул харилцагчийнхаа харьяаллыг эсэхийг ялгаж мэдэх шаардлагатай.  Татварыг нь тооцож мөнгөн дүнг олгосон, шилжүүлсэн тохиолдолд шилжүүлсэн аж ахуй нэгж өмнөөс нь төлөх татварыг нь төлөх үүрэг, хариуцлага хүлээдэг болохыг анхаараарай.

4. Суутган төлөгчийн үүргээ гүйцэтгээгүй байх – Мөнгийг нь өгөхөөсөө өмнө татвар авах ёстой

Татварын ерөнхий хуульд зааснаар 6.1.19.”суутган төлөгч” гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг хэлнэ. 

ААНОАТ-ын тухай хуулинд зааснаар дараах орлогыг олгож байгаа ААН, хувь хүн татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй. Үүнд:

  1. Эрхийн шимтгэлийн орлого;
  2. Ногдол ашгийн орлого;
  3. Хүүгийн орлого;
  4. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
  5. Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого;
  6. Даатгалын нөхөн төлбөр;
  7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.11, Газрын тосны тухай хуулийн 11.1.4, 12.5-д заасны дагуу буцаан олгосон мөнгөн хөрөнгө

5. Өөрийн суутгуулсан татварын зардлаа тайлагнахгүй байх

Дээрх орлогыг танайд шилжүүлж байгаа ААН, хувь хун мөн татвар суутгаж байж танайд орлого шилжүүлсэн гэдгийг битгий мартаарай. Танай хүлээж авсан мөнгөн дүн нь татвар суутгагдсан буюу нийт орлогыг дүн биш юм. Жишээ нь: Банкнаас хүүгийн орлого орж ирэхдээ 90% нь орж ирдэг бөгөөд 10% татварыг банк таны өмнөөс төлсөн байгаа. Бусдаас хүлээж авсан дүнгээр орлогын дүнг тооцсоноор нэгт татварын зардлын дүнг дутуу, хоёрт тухайн орлогын дүнг дутуу тайлагнах алдаа үүсдэг.

6. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамаарах эсэхийг нарийвчлан судлах – Боломжоо алдаж байдаг

ААНОАТ-ын хуулийн дагуу 11 төрлийн хөнгөлөлт, 14 төрлийн чөлөөлөлтийн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд энэ заалтыг мэдээгүйгээс олон боломжийг алддаг. Дараах  татварын хөнгөлөлтүүд түгээмэд байдаг: 

  1. 1,5 тэрбум хүртэл орлоготой ААН-үүд 90% татварын хөнгөлөлт /буцаан олголт хэлбэрээр/
  2. Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа явуулдаг ААН 50%, 1000 км-ээс хол бол 90% татварын хөнгөлөлт
  3. Нийт 25-аас дээш ажилчидтай ААН-ийн ажилчдын 2/3 дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг 100% татварын хөнгөлөлт
  4. Байгуулснаас хойш 3 жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнд 100% татварын хөнгөлөлт
  5. Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, тэжээл, тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнээс олсон орлогод 50% татварын хөнгөлөлт

7. Татварын нийтлэг ба тусгай хувь хэмжээ ялгаатай байдгийг анхаардаггүй

Орлого бүрт адил хувь хэмжээгээр татвар тооцдоггүй тул ашгийн татвар 10% гэж ойлгох нь өрөөсгөл юм. ААН-ийн орлогыг нийтлэг хувь хэмжээгээр татвар төлөх болон тусгай хувь хэмжээгээр татвар төлөх гэж ерөнхийд нь 2 ангилдаг.

Нийтлэг хувь хэмжээ нь татвар ногдуулах орлого 6 тэрбум хүртэл 10%, 6 тэрбумаас дээш гарсан дүнд 25%-р татвар ногдуулдаг.

ТАТВАР НОГДУУЛАХ ОРЛОГО = ТАТВАР НОГДОХ ОРЛОГО – ХАСАГДАХ ЗАРДАЛ 

Тусгай хувь хэмжээ нь тухайн орлогын төрөл тус бүрт ялгаатай байдаг. Үүнд:

  1. Эрхийн шимтгэлийн орлого -10%
  2. Ногдол ашгийн орлого- 10%
  3. Хүүгийн орлого -10% / Зарим тохиолдолд 5%/
  4. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого- 2%
  5. Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого – 40%
  6. Даатгалын нөхөн төлбөр – 10%
  7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.11, Газрын тосны тухай хуулийн 11.1.4, 12.5-д заасны дагуу буцаан олгосон мөнгөн хөрөнгө-10%

Нийтлэг хувь хэмжээ бол орлогоос зардлыг хассан дүнгээс татвар ногдуулдаг бол тусгай хувь хэмжээ бол шууд тухайн орлогын дүнгээс татвар ногдуулдаг. Татварын хувь хэмжээ ялгаатай байдгаас гадна ямар дүнгээс татвар тооцох нь бас ялгаатай байдаг тул татварт төлөх дүнг урьдчилан тооцоолох, төсөв төлөвлөгөө боловсруулах үедээ анхаарах нь зүйтэй.

Хуваалцах :

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on pinterest
Pinterest
Share on linkedin
LinkedIn