Skip links

Зөрүүгийн тайланг хэрхэн бэлтгэх вэ?

Зөрүүгийн тайлан
admin

admin

Зөрүүгийн тайлангаар татварын өмнөх ашгийн /ТӨА/ дүн дээр тохируулга /байнгын болон түр зөрүүгийн/ хийж нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогын дүнг тодорхойлдог. Энэ дүн нь татварыг өглөгийг тооцоолох суурь дүн болдог. 

Сангийн сайдын 2020 оны 144-р тушаал https://legalinfo.mn/mn/detail/15529 

Шинэчилсэн зөрүүгийн тайлангийн маягт нь бүтцийн хувьд 7 хэсгээс / А-Ё хэсэг/ бүрдэх бөгөөд бүтэц тус бүрээр хэрхэн бэлтгэх аргачлалыг тайлбарлая:  

А. Байнгын зөрүүгээр зохицуулагдах дүн

Бүх зардлын дансдын ажил гүйлгээг ААНОАТ-ын тухай хуулийн хасагдах зардлын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж хасагдах болон хасагдахгүй зардал гэж ангилна. Хасагдахгүй зардал нь байнгын зөрүүгийн нэмэгдүүлэх дүн дээр бичигдэнэ. Учир нь ТӨА-г тооцоолохын тулд эдгээр зардлууд хасагдсан байдаг тул буцаан нэмж байна.

Бүх орлогын дансдын ажил гүйлгээг хуульд заасны дагуу нийтлэг хувь хэмжээтэй, тусгай хувь хэмжээтэй, чөлөөлөгдөх орлого гэж ангилна. Тусгай хувь хэмжээтэй болон чөлөөлөгдөх орлогууд нь байнгын зөрүүгийн буруулах дүн дээр бичигдэнэ. Учир нь ТӨА-г тооцоолохын тулд эдгээр орлогууд нэмэгдсэн байдаг тул буцаан хасаж байна.

Б. Түр зөрүүгээр зохицуулагдах дүн

Түр зөрүүгээр зохицуулагдах дүнг дараах дарааллын дагуу тооцоолно:

  1. Санхүүгийн тайлангийн хөрөнгө, өр төлбөрүүдийн дансны үнийн эхний үлдэгдэл /С1/ ба эцсийн үлдэгдлийг /С2/ тооцоолох
  2. Хөрөнгө, өр төлбөрүүдийн татварын суурийн С1 ба С2-г тооцоолох
  3. Ажлын хүснэгтийг бэлтгэх. Дансны үнийн С1-ээс татварын суурийн С1-г хасаж зөрүү С1-г тооцно. Дансны үнийн С2-ээс татварын суурийн С2-г хасаж зөрүү С2-г тооцно. Зөрүүгийн С2-с С1-г хасаж тайлант үеийн өөрчлөлт буюу түр зөрүүгийн нэмэгдсэн хасагдсан дүнг тооцно.
  4. Тайлант үеийн өөрчлөлтийн хөрөнгийн нийт дүн нь зөрүүгийн тайлангийн хөрөнгөтэй холбоотой түр зөрүүгийн дүн /мөр 10/-д бичигдэнэ. Харин тайлант үеийн өөрчлөлтийн өр төлбөрийн нийт дүн нь зөрүүгийн тайлангийн өр төлбөртэй холбоотой түр зөрүүгийн дүн /мөр 11/-д бичигдэнэ. 

Татварын суурь, түүнийг хэрхэн тооцох вэ? Түр зөрүүгийн тооцооллыг хэрхэн хийх вэ? манай дараагийн нийтлэлүүдээс дэлгэрүүлэн унших болон Зөрүүгийн тайлангийн сургалтаар дэлгэрүүлэн суралцах боломжтой.

В. Татварын тайлангаар гарсан алдагдлын тооцоолол

Алдагдлын эхний үлдэгдэл буюу өмнөх жилүүдийн баталгаажуулсан алдагдлын нийт дүн дээр тайлант үед шинээр үүссэн алдагдлын дүнг нэмж, шилжүүлэн тооцож байгаа алдагдлын дүнг хасаж  алдагдлын эцсийн үлдэгдлийг тооцоолно.

Г. Тайлант үеийн татварын зардлын тооцоолол

Байнгын болон түр зөрүүгээр зохицуулагдсан дүнг татварын хувь хэмжээгээр үржүүлж тооцсон татварын зардлын дүн гарна. Үүнээс хөнгөлөгдөж буй татварыг хасаж, тусгай хэм хэмжээтэй татварын дүнг нэмж тайлант үеийн татварын зардлыг тооцно.

Д. Хойшлогдсон татварын өр төлбөрийн тооцоолол /ХТӨТ/

Татварын дундаж хувь хэмжээ /ТДХХ %/= Ногдуулсан татвар (ТТ-02 мөр 29) / Нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлого (ТТ-02 мөр 28)

ХТӨТ-ийн С1 = Татвар ногдох түр зөрүү С1-ийн нийт дүн * ТДХХ %

ХТӨТ-ийн С2 = Татвар ногдох түр зөрүү С2-ийн нийт дүн * ТДХХ %

Е. Хойшлогдсон татварын хөрөнгийн тооцоолол /ХТХ/

ХТХ-ийн С1 = Хасагдах түр зөрүү С1-ийн нийт дүн * ТДХХ %

ХТХ-ийн С2 = Хасагдах түр зөрүү С2-ийн нийт дүн * ТДХХ %

Хойшлогдсон татварын хөрөнгийн хувьд НББОУС-12 Орлогын албан татварт заасны дагуу нөхөгдөх боломжийг нь үнэлэх ёстой бөгөөд энгийнээр ойлговол ирээдүйд ХТХ-ийн дүнтэй тэнцэхүйц хэмжээний ашигтай ажиллах эсэхээ урьдчилан үнэлэх юм.

Нөхөгдөх боломжгүй гэж үзсэн ХТХ-ийг хүлээн зөвшөөрөхгүй буюу хасаж тооцно. Алдагдлын С2-ийн дүн /В хэсэг/-гээс ХТХ үүсгэж нэмж тооцоолно.

Ё. Татварын зардлын тооцоолол

Зөрүүгийн тайлангаар мөн орлогын албан татварын зардлын дүнг тооцоолдог бөгөөд энэ дүн нь санхүүгийн тайлангийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн орлогын албан татварын зардалд бичигдэх дүн юм.

Орлогын албан татварын зардал  = Тайлант үеийн ОАТ зардал + Хойшлогдсон ОАТ зардал + ТДХХ %-ний өөрчлөлтөөс үүссэн ОАТ зардал

Татварын сургалт

Хуваалцах :

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on pinterest
Pinterest
Share on linkedin
LinkedIn